"Монголчууд мах идэхгүй бол амьдрахгүй" гэсэн тунхаглал, омогшил Монгол хүн бүхэнд байдаг. Энэ тал дээр эргэцүүлсэн нэгэн бодролыг хуваалц юу.
Цаг уурын эрс тэс уур амьсгалтай тул газар тариалангийн аж ахуй эрхлэхэд тийм ч тохиромжтой бус иймд Монголчуудын хувьд цаг уурын өөрчлөлтөнд тэсвэртэй аж ахуй эрхлэх нь илүү тохиромжтой ажээ. Евроазын өндөрлөг бидний нутагт ургадаг ургамал, үр жимсийг хоол тэжээлэнд дагнан ашиглахад тохиромжтой бус. Эдгээр хүчин зүйлсийн нөлөөллөөр бидний овог дээдэс мал адгуулан, маллаж иржээ (магад маш олон хүчин зүйлс буй). Монголчуудын өвөг дээдэс өсгөж, үржүүлсэн мал сүргийнхээ сүү, махыг хоол хүнсэндээ хэрэглэх бөгөөд маш зохистойгоор хэрэглэдэг байсан. Мах, махан бүтээгдэхүүн нь халуун илчтэй тул хоол хүнсэндээ хэрэглэснээр тэсгэм өвлийг давахад тус болдог байсан байна. Дэлгэрүүлбэл гадаа хэдий хүйтэн байлаа ч бидний бие халуун илчтэй байна гэсэн үг буюу хүний ходоодонд боловсорч буй махны ялзрал халуун илч ялгаруулдаг байна. Хүйтэнд халуун байх дулааны тэнцвэржилтийг бидний өвөг дээдэс ийнхүү шийджээ. Харин зуны цагт сүү цагаан идээ хэрэглэж, мах тэр тусмаа нойтон махыг огтоос хэрэглэдэггүй байсан байна. Манай өвөө хүүхэд байх ахуйгаа дурсан ярихдаа: "Бага байхад зун мах иднэ гэж байдаггүй. Тараг, цөцгий хутгаж уугаад унтана эсхүл сүүтэй хоол, сүүтэй будаа иддэг байсан. Мах идэхийн мөн ч их хүслэн болдог байж билээ. Махсаагаа гаргах үүднээс хоёр гурван айл цуглан нэг шүдлэн ямаа гаргадаг. Тэр нь нэг хүнд үмх мах олдох төдий л байдаг байсан даа. Анхны цас орох үеэр л мах иддэж эхлэдэг байж билээ" хэмээн ээжид минь дурсан ярьдаг байжээ. Зун сүү цагаан идээгээ түлхүү хэрэглэдэг байсан өвөл ихэд идсэн махны хорийг тайлах, амин дэм, эрдэс нөхөж авах гол хүчин зүйл болдог байсан юм.
Одоогийн бидний хоололтын хэв маягтай харьцуулахад мөн ч өөр, хавь илүү соёлтой байж дээ. Хөргөгч хэмээх дэвшилтэд шийдэл айл бүхэнд хүрсэнээр хүссэн үедээ хоолондоо мах ашиглах боломж бүрдэж л дээ харин өвөөгийн маань үед хөргөгч байгаагүй учраас мах иддэггүй байсан юм боловуу гэтэл бас тийм бус. Махыг шуузлах, борцлох гээд хадгалах нарын аргууд байсан атал зуны цагт гагцхүү сүү цагаан идээгээ хэрэглэдэг байсан нь мөн чиг учиртай. Махсаагаа гаргахдаа ямааны мах гаргадаг учир нь бусад малын махыг бодвол ямааны мах арай сэрүүн байдагтай холбоотой. Бид чинь мах чинь хүмүүс гэж өөрсдийгөө дэлдэх хүмүүс бишгүй байх юм. Манай өндөр эмээ хонь гаргах үед толгой дээр нь гурвантаа хүрд эргүүлж, зул мандаан амьтны амийг тасалж буйдаа гэмшин, буян үйлддэг хүн байжээ. Өвөө, эмээгийнхээ аж байдлыг дурсан өнөөгийн бидэнтэй харьцуулан тэд маань мах чинь хүн байсан гэж хэлэхэд хэцүү. Бидний өвөг дээдэс бидэн лугаа адил мах чинь хүмүүс байгаагүй ажээ.
Монгол хүн мах идэх, идэхгүйн хувьд нэгэн жишээгээр уялдуулан тайлбарлая. Хүйтэн өвлийн давахын тулд урьд хүмүүс амьтны арьс, үсийг ашигладаг байж л дээ.
Амьтны үс, ноосыг сайтар боловсруулах шийдэл, чадвар байгаагүйн улмаас тэдгээрийн арьсыг шууд туламж ашигладаг байсан байна. Үүнээс өөр арга байгаагүй учир амьтдыг тийнхүү алж арьс, үсийг өмсдөг байжээ. Харин үсрэнгүй хөгжлийн өнөө үед бид дулаан байх, өвөл даарахгүй байх зөндөө олон шийдлийг олж чадсан. Бидний өмсдөг өвлийн хүрмийг төрөл бүрийн аргаар дулаахан илчтэйгээр хийдэг болчихсон. Нано арга, шийдлээр бие барьсан нимгэн хувцас өмсөөд хүйтэнд даарахгүй байх боломж бүрдчихсэн шүү дээ. Бид заавал амьтан амь бүрэлгэн түүнийхээ арьсыг өвчин өмсөх хэрэгцээ шаардлага хэдийн байхгүй болжээ.
Үүн лугаа бидний өвөг дээдэс өвлийн тарчиг цагт идэх хоол хүнс хомс байсан учраас л мах иддэг байсан байж. Харин өнөө үед бид хажууханд байрлах хүнсний дэлгүүрээс дуртай хоол хүнсээ авч идэх боломж бүрдсэн. Махнаас авч болох уураг, илчлэгийг өөр бусад орлох бүтээгдэхүүнээс авах бүрэн боломжтой. Малайзад ажиллаж буй нэгэн Монгол хүнээс танай улс баннана хэр их иддэг вэ? гэж асууж л дээ. Тэгэхэд нь "За даа бараг иддэггүй сардаа 1-2 л иддэг" хэмээн хариулахад өнөөх Малайзын нүд орой дээрээ гаран: "Тиймүү тэгээд яаж та нар уургийн хэрэгцээгээ хангадаг юм бэ?" хэмээн гайшрангүй асууж. Уургийг заавал махнаас авдаггүй гэсний тод жишээ. Хөмүүлийг хоол хүнсэндээ хэрэглэн махнаас авдаг халуун илчийг нөхөх боломж бас буй. Халуун чанарын, уураг ихтэй бусад зөндөө олон бүтээгдэхүүн хэрэглэж болох байхад яагаад бид "Монгол хүн мах идэхгүй бол амьдрахгүй" гэсэн харанхуй сэтгэлгээгээр хандана вэ? Монгол хүн амьтны арьс нөмрөхгүй л бол өвөл дулаахан явж чадахгүй гэсэнтэй агаар нэгэн буй бусуу? Та сайтар тунгаах тун.
Мах идэх нь хүний биед муу гэдгийг эрдэмтэд хэтийн нотлосон. Тийм биш байлаа ч гэсэн өөрөө амьдрахын тулд бусдын амийг хөнөөнө гэдэг соёлт нийгэмд байж боломгүй зүйл. Миний хувьд цагаан хоолтон (веган бус, мах иддэггүй) байх хугацаандаа мөн ч олон эсэргүүцэл, гадуурхал, доромжлол амссан. Үр дүнд нь би бие даасан хувь хүн болохоороо л цагаан хоолтон больё гэж шийдэн 8 сар цагаан хоолтон байж байгаад бусдын адил мах жихэх болсон юм. Мах иддэг болсонд минь бусад хүмүүс баярлаж байна гэж жигтэйхэн. Баяр баясал хаана байгааг нь нэг л ойлгохгүй байгаа юм?
Энэхүү нийтлэллийг цагаан хоолтон хүмүүсийг зөвөөр ойлгоосой гэж хүсэмжилсэндээ. Та өөрөө цагаан хоолтон болохгүй юмаа гэхэд цагаан хоолтон хүмүүсийг бүү элдвээр чичлээсэй гэсэн чинь сэтгэл өвөртлөн бичиглэлийн хэлбэрээ ихэд өөрчлөн зөөлөн өнгөөр, аядуухан бичлээ.
Таны цэцэн ухаан тунгаах болтугай.
1 comments:
Тийм шүү, маш их таалагдлаа
Post a Comment