Томоор мөрөөд

Шимон Пэрэс Томоор мөрөөд (No room for small dream) номыг Serdaram Damdin багшийн тэмдэглэлийг уншаад мөн зөвлөсний дагуу унших сэдэл төрсөн юм. Эхний хэвлэлт нь дуусаад 4-н сарын дараа дахин хэвлэгдэхэд нь авч олзуурхан уншив. 
"Мөрөөдөж болж байвал боломжтой" гэсэн үгийг Шимон Пэрэс өөрийн амьдрал, тууштай зангаараа харуулсан үнэт эрхэм болой. Шимон Пэрэс Израилийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хүчин зүтгэсэн агуу төрийн зүтгэлтэн ажээ. Сонгуульд ялагдаад ерөнхий сайдын байр суурийг алдахдаа харамссан нь албан тушаалдаа бус ерөнхий сайд болоод хийхээр төлөвлөсөн маш олон ажил, эх орондоо бүтээж болох их зүйлийг алдсандаа харуусжээ (эрх мэдэл байж хэрэгжүүлэх боломжтой ажил байдаг). Израиль улсын газар нутаг дээр газар тариалан эрхлэх нь хүнд бэрх авч тэрбээр "Бид үржил шимтэй хөрсөнд найдах бус үржил шимгүй хөрсөн дээр арвин их ургац тариалах өөрсдийн ур ухаандаа найдах хэрэгтэй" хэмээх ойлголтыг ард түмэндээ өгч чаджээ. 
Дайныг өдөөсөн тал нь ялалтад хүрдэггүй, ялсан тал нь энх тайвныг авчирдаггүй. Түүний "Энх тайвныг тогтоох гэж буй бол найзтайгаа бус дайсантайгаа ойлголцож, нөхөрлө" гэсэн философи нь энх тайвныг тогтоох их үйлсэд нь эрч болжээ. Үнэхээр хүнд хэцүү цаг үе, нөхцөл байдалтай нүүр тулсан ч ирээдүйгээ гэрэлтэйгээр харж, мятаршгүй зүтгэж мөрөөдөлдөө хүрсээр иржээ.
Шимон Пэрэс бол жинхэнэ энтрепрёнер сэтгэлгээтэй хүн ажээ. Мөрөөдөж чадаж буй зүйлдээ хүрч, бүтээнэ гэдэгтээ итгэж түүнд хүрэх замыг олж харж чаддаг хүнийг энтрепрёнер гэдэг бол аливаа зүйлийг бий болж, үр дүн гарсны дараа итгэж, дагадаг хүнийг дагагч гэдэг. Тэрбээр хэний ч санаанд оромгүй зүйлийг мөрөөдөж, үйл хэрэг болгож чаддаг гайхалтай удирдагч, энтрепрёнер. ДНБ нь ард түмнээ тэжээх хэмжээний чадалгүй улс нисэх онгоц үйлдвэрлэж, цөмийн зэвсгийн реактортай болсон цаашлаад мөнхийн дайсан Пластинтай энхийн гэрээ байгуулж чадсан зэрэг нь үлгэрийн мэт.
Тасралтгүй мөрөөд, мөрөөдлөө биелүүлэхдээ мятаршгүй зүтгэх хэрэгтэй гэдгийг ойлголоо. Тасралтгүй мөрөөд гэдэг нь мөрөөдөж буй зүйл рүүгээ тэмүүлээд бэрхшээл гарч ирмэгц өөр зүйл мөрөөдөх бус мөрөөдсөн тэрхүү зүйлдээ хүрснийхээ дараа илүү том мөрөөдөл тавьж урагшлахыг хэлж буйг ойлгох хэрэгтэй. Үзэл санаа, үг ярианд бүү итгэ гагцхүү үйл хэрэгт итгэ гэдэг. Та өөрийн мөрөөдлөө хэрэгжүүлэх хүртэл тань танд хэн ч итгэхгүй байж болно хамгийн чухал нь та өөрөө өөртөө итгэх хэрэгтэй. Мятаршгүй зүтгэл, тасралтгүй суралцах явдал өөрөө өөртөө итгэлтэй байдлыг бий болгодог ажээ. Шимон Пэрэс өдөр бүр тасралтгүй суралцдаг хүн байсан агаад мөрөөдөлдөө хүрэх оролдлого үргэлж хийдэг байсан нь хойчийн бидэнд маш том үлгэр болов. Оролдлого сайд оройд нь гэдэг үг байдаг даа.
Түүнийг нас барсны дараа Израилийн ерөнхий сайд "Израиль улс Шимон Пэрэсгүй эхний өдрөө нүүр туллаа" хэмээн хэлжээ. Тэрбээр өөрийн бүх амьдралаа эх орондоо зориулж, Израилийн өнөөгийн ололт бүр түүний хичээл зүтгэлтэй уялдана. 
Солонгосын Пак Жон Хи "Солонгосын сэргэн мандалт", Сингапурын Ли Гуан Яао "Буурай орноос бусдын манлайд хүрсэн замнал", Израилийн Шимон Пэрэс "Томоор мөрөөд" зэрэг суут төрийн зүтгэлтнүүдийн намтрыг санахад улс, үндэстнийг агуу удирдагч хөгжүүлдэг юм байна гэсэн бодол төрөв. Эх орноо хөгжүүлье гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй, түүнийхээ төлөө мятаршгүй зүтгэн үргэлж суралцаж, хөгжиж чаддаг хүн эх орноо хөгжүүлдэг юм байна. Бид тийм төвшний төрийн зүтгэлтэн бэлтгэх, гарч ирснийх нь дараа хүлээн зөвшөөрөх хэмжээний ухамсар, оюуны чадамжид хүрэх хэрэгтэй юм болов уу даа?


    Блоггерийн сэтгэгдэл

0 comments: