Арьсан хүрэмт Мадонна

     Уран зохиолын номыг мэдрэмж авах гэж уншдаг. Хамгийн гоё мэдрэмж нь унших ахуйд бодрол төрж, гэрэлтэхэд мэдрэгдэх мэдрэмж юм. 

    "Арьсан хүрэмт Мадонна”-г уншаад төрсөн мэдрэмж, гагцхүү уншаад төрсөн мэдрэмж байлаа. 
    Анхны харцаар дурлах тэр мэдрэмж, анх учираад л анхнаасаа таньсан юм шиг илэн далангүй дотно байх тэр учрал. Хүн бүрийн дотор тэрхүү учралыг хүлээсэн хүлээлт байдаг болов уу? Бүхий л үзэл бодол нь яг цав таарах мэт, басхүү зөрчилдөхөд нэг нэгнээ гүнээ хүндэтгэх хэн нэгэн хаа нэгтээ намайг хүлээгээд байж байгаа мэт. "11 минут" дээр хүртэл ийм учрал байж байсан, бас өөр ямар зохиол дээр байгаа юм бүү мэд. 
    Бидний дотор байх дотоод ертөнцөд бүхэлдээ дурлах сэтгэл зүрх, үзэл бодлыг минь бүгдийг нь хүндэтгэх тэрхүү хүндлэл, өөрөө ч анзаарч амжаагүй байсан мөн чанарыг дотороос минь гэрэлтүүлж чадах тэр л эмэгтэй бол Мариа. Тодорхойлж хэлж мэдэхгүй ч нэг зүйлээр чамайг бүхэлд нь ховсдож дурлуулж чадах арьсан хүрэм нөмөрсөн Мариагийн Мадонна хэмээх хөрөг. 
    Төгс дурлал гэгч зүгээр л чамайг байгаагаараа байхад чинь л татагдаж байдаг тэр зүйл бололтой. Түүнийгээ мэдэрүүлэх л гэж дурлалынхаа төлөө ямар нэгэн алхам хийж батлан харуулдаг байх. Батлан харуулж чадсан эсэхээс хайр дурлалыг хэмжих нь бас тоогүй хэрэг л дээ.
    Надад хайртай гэдэгт итгэхээс илүүтэй, хайрыг минь дааж чадна хэмээн итгэх итгэл хайрын тулгуур болдог ажээ. 



    Блоггерийн сэтгэгдэл

0 comments: