Би хэн бэ? /зохиомжит эссэ/


Бодсон бодол, алхсан алхаа гадаад ертөнцтэй /бусад нь амьдрал гэх/ нэг л зөрж эхэллээ. Эргэцүүлэв: Шалтгааныг хайн, бодолд автан гарцыг эрэв. 2010 онд.
Дүгнэлт:
Төрөхөөс өдийг хүртэл хэн нэгэн намайг бүрэлдүүлжээ тухайн онд. Наахыг нь нааж, зорохыг нь зорж, шавахыг нь шавсаар үзэл  бодол, зан авир, рефлекс гээд бүхнийг бүтээж өгчээ баярлалаа. Ойртож нэг ажив, холдож нэг ажиглав хүн дүрст баримал лугаа харагдав. Үнэндээ тийм биш ч дотроо тэгж төсөөлөв. Дахиад жоохон ажиглав өнөөх дүрст баримлын шавар бага багаар хатуурч хатав. Нэгэн үгээр өөрчлөгдөж, засрах нь алхам алхмаар хүндэрсээр. Гэнэт ухаарлаа одоо л засаж, сайжруулж авах юм байна. Үгүй бол хожим хүрэл хөшөө болж үлдэх нь. Засъя, төгс болгоё. Зориглон сэтгэл шулуудлаа.
2010 он хэмээх гарчигтай бүртгэлийн хавтсыг хаан бүртгэлийн өрөөнд зурайх олон хавтасруу нүдээ бэлчээлээ. Бичсэн нэвтэрхий толио хайх гэж. Олчихлоо. Хуудас хуудсаар нь багцлан эргүүлж Б үсэг дээр очлоо дахиад эргүүлээ “Б”, “И”… “Б”, “И” бид, дахиад л эргүүллээ “Б”, “И” бидний, дахиад л эргүүлээ бидэнд. “Би” гэдэг үг нэвтэрхий толинд алга. Яагаад байхгүй байгаа билээ? Устгачихсан түрүү жил, мөр нь ч алга. Тэгвэл бусад үгийн тайлбарт туссанаас сэтгэж тодорхойлъё.
А
Амьдрал ба үхэл
Амьдрал угтаа бол утгаг учиргүй зүйл юм. Харин бид өөрcдөө амьдралд утга учрыг бий болгон түүнийгээ цэцэглүүлэн амьдрах учиртай. Амьдралын урсгал хэзээ үхэлтэй золгохыг бүү мэд. Маргааш үхэх байсан ч энэ оршлыг туулж өнгөрсөндөө харамсах зүйл үгүй одоог үдэх хэрэгтэй. Унтах үхэхийн хагас. Унтаж байхдаа унтчихвал үхэл гэгч тэр байж болох юм. Үхлийг тулахад нэгэн оршлоос нөгөөд шилжинэ. Зогсохгүй дуусахгүй. Арай өөр мэдрэмж, сэдэл бусад нь хараагүй байж болох тэр зүйл. Нэгэнт төрж, амьдарч буй минь үнэн тул бусдадаа утга учир бэлэглэчхээд үдэлт хийнэ ээ.
Б; В; Г; Д; Е; Ё; Ж; З
Зарчим
Хүнийг тууштай нэгэн чигт алхахад тус болдог зүйл зарчим юм. Хэзээ ч давахгүй зүйлийг жанжин шугам, сонирхол төрсөн үедээ зөрччихдөг зүйлээ зарчим гэж нэрлэжээ. Ойлгох, ухаарах, ухамсарлах зарчим ба жанжин шугамтай нягт хамаатай. Хоосон төрсөн болохоор ойлгож амжаагүй зүйл зөндөө үлгэрлэвэл “жудагтай байх” , алхам бүрд аливааг ойлгоод түүнийгээ буулгах аргыг сийрүүлэн гаргаснаар ухаарал эхэлнэ. Энэ нь зарчим болно. Заримыг даган, хэвшиж бүрэн ухаарсны арын хоромд жанжин шугам босож ухамсартаа шингээнэ. Зарчмыг тоочиж, жанжин шугамыг дурдвал тоймгүй.  
Зорилго ба хүсэл эрмэлзэл
Энд бүгд л зорилго өвөртлөн оршдог болов уу? Хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөж зорилгоо бүтээж чадсан нь дараагийн оршил руу шилжинэ. Юу хүсэж байна түүнийгээ хий. Бусдыг хүндлэх хамгийн том илрэл бол хүсэл эрмэлзлийг нь хүндэтгэх. Энэ нь зорилгодоо хүрэх гэж алхаж буй замналыг нь, бүр цаашлаад хүн буйг нь хүндэлж буй хэрэг. Гэхдээ бид өөрсдөө хүсэл эрмэлзлээ эвддэг. “Бусдад таалагдах гэж өөр хэн нэгэн байснаас өөрийнхөөрөө байж үзэн ядагдсан нь дээр”. Хүсэл эрмэлзлийнхээ дагуу бүтээсэн бүхэн хамгаас хүчирхэг. Тэрхүү бүтээсэн бүхэн дээрээ шатлан алхалсаар сүүлийн алхам зорилгыг бүтээнэ (хүрэх бус бүтээх юм шүү).
И; Й; К; Л; М; Н; У; Ү
Үнэн ба худал
Худалд дулдуйдаж үнэнийг оршоодог юм болов уу дорнынхон. Үнэнийг нь шулуухан хэлээд зэмлүүлж, худлааг өчсөнгүй хэмээн зүхүүлж байсан удаа цөөнгүй. Өөрсдөө үнэнг худлаар амталж залгилдаг болж дээ. Туйлын үнэн гэж байдаггүй юм бол бодит үнэн гэж буй. Үнэн гэдэг хамгийн тод бодит зүйл гэж бодлоо. Аргацаах, нялзайх, хоосон сэтгэл гэгч худлыг ҮНЭН хэмээгчдээ шавардаж  орхичхоод үнэн чинь тэгээд аль юм гэж хайдаг хүний жам юм болов уу. Үхсэн ч үнэнээрээ л үлдье, больё ядахдаа худлаа байхгүй юмсан.
Х; Ц
Цаг хугацаа, орон зай
Бидний оршлыг хэмжих нэгэн хэмжүүр. Магад үүнээс өөр хэчнээн ч хэмжүүр байхыг үгүйсгэхгүй ч хамгийн тод нь эдгээр буй. Дэлхий, нарны аймаг, галактик оршдогоороо оршин, цаг хугацааны дагуу хувьсана. Бид хүн гэх биеийг олоод эдгээрийн насыг тоолдог юм болов уу. Ертөнцийн оршлыг энэ биеэр тоолсон цаг хугацааны тоолол минь 20 жилийг давжээ. Ухарч тоолохгүй, хойш алхахгүй хөдөлшгүй дүрэм байх тул мөч бүхэн үнэтэй, оршил бүхэн утгатай. Юуны учир орхигдуулж болох билээ.
Ч; Ш; Э; Ю; Я
Дэлгэсэн бүртгэл, нэвтэрхий толь хаагдан байрандаа очив. Бүртгэлийн хаалга зөөлөн хаагдлаа. Хайснаа олсон гэдэгт тань итгэлтэй байна. Цагаан цаас, хар үзэг Буян-Өлзийн Одбаяр гэж хэн бэ? гэсэн асуултыг өмнөө тавиад хариултаа бичнэ үү. Бүртгэлийн хаалга түгжигдлээ.


    Блоггерийн сэтгэгдэл

2 comments:

altansukhml said...
This comment has been removed by the author.
Unknown said...

Яг эдгээр үсэгний доор байдаг миний бодол, дотор байсан зүйлийг гаргаад тавьчихсан байх юм. Хачирхалтай :)