Ертөнц хэмээгчийн нэгэн оршил нь амьдрал юм болов уу? Бусад оршилыг нь нүдээр харж, биеэр очиж үзээгүй ч гэлээ тэдгээр бусад оршилыг өөртөө зөнгөөрөө тодорхойлдог юм. Эндээс хожим одоход дараагийн нэгэн оршил руу шилжинэ. Эндээс тийшээ, тэндээс ийшээ шилжихэд нэгэн зорилго агуулагдана. Бид амьдралд туулийн нэгэн зорилго өвөртлөн ирсэн. Мундаг хүмүүс нь түүнийгээ олж, хурдхан бүтээдэг учраас амьдралаас эрт буцдаг байх. Бусад нь харин тэрхүү зорилгоо үл олон төөрч будилан насыг бардаг юм болов уу? Ц.Хулангийн "Би дургүй" шүлгэн дэх "Яруу найрагчийг хэтэрхий урт наслахад яагаад ч юм дургүй"1 гэсэн мөртийн утга энэ юм болов уу?
Заримдаа надад нэгэн өвөрмөц мэдрэмж хүчтэй төрдөг юм. Даанч түүнийгээ яг энэ гээд тодорхойлчих ухаан, үгийн баялаг хүрэлцдэггүй юм. Тэрхэн мэдрэмжийн бүрэн ойлгож чадвал миний амьдралд ирсэн зорилго тодрох болов уу гэж итгэдэг. Хачирхалтай санагдаж магадгүй ч нэг тийм мэдрэмж. Энэ л мэдрэмжээр би эрч хүч авч, энэ л мэдрэмжээр би өөрийгөө зүгээр ч нэг амьдарлд төрөөгүй шүү гэдгээ мэдэрдэг. Хүн бүр энэ мэдрэмжийг мэдэрдэг болов уу?
"Зүлгэн дээрээ гэрээ бариад зүгээр нэг амьдрахсан"2 гэсэн мөн л Ц.Хулан найрагчийн мөртийг би хараахандаа ойлгоогүй болоод ингэж авирлаж байж болох. Эсвэл үүнийг надаас бусад зарим хүн түрүүлээд ухаарсан юм болов уу? бүү мэд ямартай ч мөрт1; мөрт2 -үүдийн утга санааны зөрчилтэй их тулгарах юм.
Амьдралд аж төрөх тэрхэн зүйлд хутгалдахыг би үнэндээ хүлцдэггүй. Б.Лхгавасүрэн зохиолчийн "Эрчүүдээ өмөөрч байгаа юм биш шуудхан хэлнэ" гэсэн үгстэй бодролтой ихэд санал нийлдэг юм. Мөн Г.Аюурзана зохиолчийн бичсэн "Би аяга, шал угаах дургүй хөглөрч л байг. Угаах гэж цагаа үрээд маргааш нь үхчихвэл яана" (ойд бууснаар нь бичив) гэсэн сэтгэгдэл буй. Бусдыг дурайж гэрийн ажилаас хойш суух гэсэн ахархан залхаг бус юм л даа. Зүгээр л түүнд зарцуулах цагаа зорилгодоо хүрэх алхамдаа зарцуулахсан гэсэн цаг хугацааны харам бодол юм. Зорилгодоо хүрсэн хүний намтар дээр "нэгэн удаа би гэрээ цэвэрлэж байхдаа" гэсэн утга агуулга бүхий нэгч үгүүлбэр олж харж байсан удаа надад байхгүй. Магадгүй миний уншсан хүний намтар цөөдөж болох. Байдаг бол гаргаад ир шагайчихаад өгье.
2 comments:
"би энд амьдрах гэж ирээгүй зорилгыг бүтээх гэж ирсэн" сайхан нийтлэл болжээ.
Бидний ярилцдаг сэдвүүдийн нэгээхэн хэсгийн нэгээхэн хэсэг. Ярилцаагүй удаж байгаа болохоор чи хэн нэгэнтэй хуваалцахыг хүсэж бичиж байна. Өөрт төрсөн мэдрэмжүүдээ хадгалаад явах хэцүү. Чиний бичсэн зүйлүүдийг уншаад чамайг улам их санаж байна. Мөн энэ талаар ярилцахыг маш их хүсэж байна. Маш сайхан бодрол байна.
Post a Comment