www.ikon.mn дээр нийтлэгдсэн нэгэн мэдээний /холбоос/ доор үнэхээр сэтгэл эмтрэм бусдад муу санасан сэтгэгдэл үлдээжээ. Хэзээ Монголчууд бид амар болоочдынхоо араас муухай зүйл санадаг байлаа? Бусдад үргэлж сайн сайхныг санаж яваасай гэж хүсэн доорх нийтлэлийг хүргэж байна.
Гэгээрэлд хүрэх номын хурим номонд "УМ МА НИ БАД МЭ ХУМ" гэдэг нь "Эрдэнэ хийгээд лянхуаг баригч та намайг хийгээд хамаг амьтанд асрал хайр энэрэн нийгүүлсэхүй болон Бодь үнэн сэтгэлийг бидний сэтгэлд үүсгэн адислаж соёрх" гэсэн утгатай хэмээн өгүүлжээ [1]. Монголын нийт хүн амын 53% нь Буддын шашин шүтдэг гэж 2010 оны судалгаагаар тогтоожээ [2]. Үүнээс дүгнэхэд бидний тал хувь дээрх үгийн утгыг гүнээ мэдэж үлдсэн хэсэг нь сураг дуулсан байх учиртай юм. Хамаг амьтныг хайрлан хамгаалахыг чин хүсэж, цаашлаад өөрийгөө хамаг амьтантай нэгтгэн бидний сэтгэлд бодь үнэн сэтгэлийг үүсгэмүй хэмээн бурханд залбирна. Хамаг амьтаны тусын тулд залибарч тэдний төлөө байна гэсэн утга юм.
Дээрх залбиралыг хэлэх төдийхнөөр бусдын төлөө сэтгэлтэй болно гэсэн үг биш боловч таны сэтгэл бусдын төлөө цохилох хөрөнгө сууж буй явдал юм. Тогоо дүүрэн сүүнд халбагын хэмжээтэй тараг хийхэд тогоо дүүрэн тараг бүрэлддэгтэй нэгэн адилаар бусдын төлөө гэх сэтгэлийн нэгэн хөрөнгө таны дотоод сэтгэлийг бүхэлд нь бусдын төлөө гэсэн сэтгэлтэй болгоно гэсэн гүн санаа. Та дээрх тарнийг түмэнтэй уншаад бусдын төлөө нэгээхэн ч үйл хийхгүй аваас түмэн тарни биелэлээ олж чадахгүй. Бурханы сургаалыг мянган удаа уншсанаас нэг удаа ойлгох нь илүүтэй. Мянган удаа ойлгосноос нэг удаа амьдралд хэрэгжүүлэх нь илүү гэж бурханы сургаальд заадаг. Үүн лугаа адилаар та өөрийнхөө төлөө залбирах төдийхөнд таны ажил үйлс бүтнэ гэсэн үг биш юм л даа. Үйлийн үрийн онолоор таны өнөөдөр хийсэн сайн сайхан үйлийн хариу тэр дороо ирэхгүй ч гэлээ хожмын өдөр ирнэ гэж үздэг. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг үг буй. Бусдын төлөө гэсэн сэтгэлээр бүтээсэн үйл цаглашгүй сайн сайхныг буй болгодог.
Олон урсгал, төрлийн шашин бүгд бусдын төлөө гэх сэтгэлийг бидэнд суулгахыг зорьдог. Гагцхүү арга зам нь өөр өөр байдаг. Нэгэнтээ бидний тал нь бурханы шашинтан тул бусдын төлөө гэсэн сэтгэл харамгүй байх, байх байхдаа өөрт нь муу юм хийсэн хүнд хүртэл сайн сайхныг санаж явах хэрэгтэй. Тэгж чадваас бид бурханы сургаалыг дагасны гүн утга оршино.
Хүн хэн байлаа ч гэсэн бусдын төлөө гэсэн сэтгэлтэй байх нь чухал юм. Бурханы сургаалийг үл дагадаг, өөр шашинтай байлаа ч гэсэн бусдад муу муухай зүйл санана гэдэг хүний ёсонд байж боломгүй зүйл. Бурханы сургаал дээр үндэслэн тайлбар хийвээс олон хүн ойлгох болов уу хэмээн бусдын төлөө гэх сэтгэлийг бурханы сургаалаас иш татан дурдсаныг хүндэтгэнэ үү.
Хэрэв та будсыг муугаар хэлэх үедээ өөрийгөө цэнэхийг хичээвэл амаараа дүүрэн баас үмхэлж байна гэж бодоорой гэж Далай лам айлджээ. Зүйрлэвээс амаараа дүүрэн баас үмхэлж буй хүн бусдыг муугаар хэлж буй хүн хоёр адилхан юм гэсэн санаа. Муу муухай зүйл их идвээс хүний ходоод гэдэс муудан өвчилж, өвчин орооно шүү дээ. Бусдад муу санана гэдэг бусдыг муу хэлэхтэй нэгэн адил таны бодол санаа, уураг тархи муу муухайгаар дүүрнэ гэсэн үг. Бид эхэндээ мэдэхгүй ч өмнө нь дурдсны адилаар хөрөнгө суун толгой дүүрэн муу муухай бодолтой болно.
"Хүн юу бодно, түүнийгээ хэлдэг.
Хүн юу хэлнэ түүнийгээ хийдэг.
Хүн юу хийнэ тэр нь амьдрал болдог" гэсэн үг байдаг. Бусдад сайн сайхан зүйлийг бодож, сэтгэж буй хүн сайн сайхан амьдрана гэсэн уг юм. Гэтэл муу, муухай бүхнийг бодож санаж явбаас хэрхэн сайн сайхан явах билээ дээ. Юм бүхэн сайн муу хоёр талтай байдаг. Хэрэв та, таны бодол сайн сайхан зүйлээр дүүрэн бол та аливаа бүхний сайн сайхан бүнийг олж харна. Харин муу, муухайгаар дүүрэн бол харж, учирч буй бүхнэээ сөргөөр хүлээн авах болно. Ийм л учраас та бусдад үргэлж сайныг санаж өөрийгөө сайн сайхан бүхнээр цэнэглэж яваасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
[1] www.buddha.mn "УМ МА НИ БАД МЭ ХУМ утга учир" /холбоос/
[2] religionmongolia.wordpress.com "Монгол Улсын хүн амын шашин шүтлэг (2010 оны байдлаар)" /холбоос/
0 comments:
Post a Comment