Хүсэл бүхэн биелэх тухайд


Та яг одоо 'Би юу хүсэж байна вэ?' гэж та өөрөөсөө асуухад хамгийн түрүүнд юу мэдрэгдэж байна вэ? Бидний хүсэл хором мөч бүхэнд хувьсаж өөрчлөгдөж байдаг. Нөхцөл байдал, бодол санаанаас үүдэн хүсэх, хүсэл хувьсаж л байдаг. Угтаа бол хүсэл гэгч байгаас байхгүйг мөрөөсөхийн нэр юм. Тэдгээр хүсэл биелэгдэх мөчид мэдрэгдэх мэдрэмжийг аз жаргал гэж нэрийднэ. Таны чин сэтгэлийн хүсэл юу вэ? Магадгүй та тодорхойлж чадахгүй бол од харвах тэр мөчид шивнэх гээд үзээрэй. (уг нь Монголчууд тэнгэрийн од харавснаас миний од харваагүй гэж нулимдаг) Од харвах эгшин зуурт болж өнгөрдөг тул тэрхэн хугацаанд "Би юу хүсэж байна вэ?" гэж асуухад чин сэтгэлийн хүсэл тань ундарч гарах юм л даа. Хэрвээ та хариулж үл чадах аваас та түмэн зүйлийн хүсэлд автагдаж чин сэтгэлийн хүсэл тань замхарчээ. 

Хүсэж буй зүйлээ дага хэмээн хүмүүсийн зөвлөдөг нь хувьсан өөрчлөгдөх тэрхэн хүслийг дага гэсэн үг биш юм л даа. Гагцхүү чин сэтгэлийн угаас хүсэж буй зүйлээ дагахыг зөвлөж буй хэрэг юм. Д.Энхбат (Форумын) багтшайгаа ярилцснаа дурдахдаа:
“Чи хэзээ нэгтээ над шиг 60 насны ойгоо тэмдэглэж сууж байх үедээ өөрөөсөө ‘Би өөрийн хүссэн замаараа явсан уу, хүссэн зүйлээ үзээд алдсан уу?’ гэж асуух байх. Хэрвээ чи хүссэнээрээ яваагүй бол тэр үед харамсана. Харин хийе гэснээ үзээд алдсан бол чи алдсан байлаа ч өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байна"[1] гэж дурдсан. Тэгэхээр та 60 нас хүрээд дээрх асуултыг тавихад таны чин сэтгэлийн хүсэл бодогдох учиртай юм. Халуун наранд мөхөөлдөс долоох юмсан гэсэн хувьсах хүсэл бус яг таны дотор орших, таныг тодорхойлж чадах тэр хүсэл.
Таны яг одоо хүсэж буй зүйл тань чин сэтгэлийн тань хүсэлтэй хэрхэн нийцэж байна вэ? гэж дахин асуугаарай. Чин сэтгэлийн тань хүсэл үнэн бат бол таны хүсэж буй бүхэн уялдах учиртай юм. Хувьсан өөрчлөгдөх хүслийг хазаарлаж чин хүсэлтэй уях нь хувь хүнд зайлшгүй байх чадварын нэг юм. Тийм чадвартай хүнийг сахилга баттай хүн гэх. Хүсэж буй зүйлээ хазаарлаж, чиглүүлнэ гэхээр эрх чөлөө үгүй, баригдмал болох мэт санагдавч угтаа тийм биш юм. "Сахилга бат бол эрх чөлөөний хязгаарлалт бус илүүдэл зүйлсийн таналт юм" гэж Брюс Ли хэлжээ.
Тоомоохон шийдвэр гаргах үед хүслээ сонс гэдэг. Аль шийдвэрийн үр дүн нь таны чин сэтгэлийн хүсэлтэй уялдаж байгааг сайтар нэг эрэгцүүлээрэй. Яг одоо юу хүсэж байгаа вэ гэсэн хувьсах хүсэлдээ хөтлөгдөлгүй чин сэтгэлийн хүсэлээ дагаж шийдвэр гаргах нь хамгийн зөв шийдвэр. Сэтгэл хөтлөлдөө автаж бүү шийдвэр гарга хэмээх нь хувьсах хүсэлд бүү авт гэсэн нэгэн санаа юм. 

Юу хүсэж байна түүнийгээ л хий. Гэхдээ маргааш юу хүсэх вэ гэдгээ битгий мартаарай.
2016.06.10

[1] unread.today Д.Энхбат "Би хэрхэн ажилладаг вэ" /холбоос/
    Блоггерийн сэтгэгдэл

0 comments: