Зуун жилийн ганцаардал



"Бодож, хүлээсэн ганцаардал минь чи надад үзэл бодлын ертөнцөд сэтгэлгээний нэг өнцгийг ургуул” гэсэн үгийг 2013 онд анх уншихдаа номын эхэнд бичижээ. Тухайн үед их ганцаардаж, тэрхүү ганцаардал нь хувь хүнээс шалгаалдаг гэсэн бодол төрж, ганцаардалыг дөнгөж гэтэлж байсан бөгөөд Габриэль Гарсиа Маркес ганцаардалыг хэрхэн дүрсэлсэнтэй танилцах зорилгоор анх "Зуун жилийн ганцаардалыг” уншиж байлаа. 

Саяхан дахин унших сэдэл төрж, магадгүй ойлгоогүй үлдсэн зүйлээ олох, өөрийгөө хэр хэмжээний уншигч болсоныг сорих үүднээс уншсан тэмдэглэлээ хуваалцья.

Хүн бүр ганцаардалтай ямар нэг байдлаар учирсан байдаг ба ихэнхи тохиолдолд өсвөр насанд буюу сэтгэл санаа тогтворгүй байх үедээ үүнийг мэдэрдэг. Угтаа бол хүн үргэлж ганцаараа байдаг. Хүн зүгээр л бусадтай хамт байхыг эрмэлзэж, өөрийнхөө дотор байгаа зүйлсийг бусадтай хуваалцахыг хүсдэг далд ухамсартай байж мэднэ. Зохиолын бүхий л дүр ганцаарддаг боловч хэзээ ч ганцаардаж буйдаа шаналдаггүй. Аурелиано Буендагийн хувьд дарх хийж суухдаа, либерал үзэлийг баримталж утгагүй, үр дүнгүй дайн хийхдээ, үхлээ хүлээж алтан загас хийж байхдаа гээд бүхий л амьдралынхаа туршид ганцаардсан боловч хэзээ ч өөрийгөө ганцаардаж буйд ганихаралгүй байсаар насан эцэслэдэг. Хүн бүр ганцаарддаг гэсэн үзэл санааг зохиолч харуулсан байж мэднэ. Хатаны угсаат Фернанда Буэндагийн удамд өөрийн үзэл баримтал, жаягийг хэвшүүлэх гэж басхүү өөдтэйхэн байлгаж зүдчихдээ Бага Аурелианод хамагаа тоочиж, үгэлж ганцаардалаа задалдаг нь угаасаа хүн ганцаараа байдаг, гэсэн атал түүнийгээ мэддэггүй, тэгсэнээ гэнэт өөрийгөө ганцаараа гэдгийг мэдэрсэн үедээ би ганцаардаж байна гэж шаналдаг гэдийг дүрсэлсэн харуулсан юм болов уу. 
Урсула хөгширөөд хараагүй болсоноо бусдаас нууж, сонссон бүхий л зүйлээ нүдэлж хараагүй болсоныг нь бусад хүн мэдвэл түүнийг хэнд ч хэрэггүй хэмээн хандахаас сэргийлж буй нь хүн ганцаардалын мэдрэмжийг давах хүч тэнхээтэй байх хэрэгтэй сануулж буй мэт. Зохиолын гол цом болсон хэд хэдэн дүр байх бөгөөд тэдгээрийн нэг нь Урсула өөрийн бүхий л үр ач нарыг ганцаардаж буйг нь зөнгөөрөө мэдэрч, түүнээс гэтэлэхэд нь тус болохыг хичээх боловч тусыг эс олно. Ганцаардалыг мэдэрч шаналах нь угаас хүний өөрийн дотоод асуудал тул Урсула тус болж чадахгүй байгаа нь тэр бизээ. Амаранта гэрлэх хоёр ч санал хүлээж авсан боловч анхалж Пьетро Креспид дураласан, түүнд тоогдоогүй хаягдсан, Ребекад өширхсөн шарханаасаа үүдэж хоёулангаас нь татгалзан ганцаараа байсаар насыг бардаг. Үнэндээ хүн яг юу хүсэж байгаагаа хэзээ ч мэддэггүй, тодорхойлж чаддаггүй эцэст нь хүсээд буй зүлээ олсон мэт санагдавч гэнэтхэн шал өөр зүйлд хүсэл нь татагддаг. Мэдээж хүсэж буй зүйлийг нь ойлгодог хэн нэгэнтэй байна гэдэг ганцаардалыг мэдэрэхгүй байхын нэг хэлбэр боловч гэнэтхэн өөр зүйл хүсдэг болсоныг тань өнөөх хүн тань ойлгох болов уу? Ребека Пьетро Креспитэй гэрэлэх гэж хүсэж, тачаадан гэрлэлт нь ойлгомжгүй байдлаар хойшилогдсоор Хосе Аркадиод ухаангүй дурладаг. Пьетро Креспитэй гэрлэхийг нь ойлгож байсан Урсула Хосе Аркадиотой гэрлэнэ гэдгийг сонсоод гэрээсээ хөөж буй нь хүсэж буй зүйлээсээ тэс өөр зүйлд тачаадах нь  ганцаардалыг мэдэрэх нэг илэрэл болохыг илтгэнэ. Фернанда Мемег ганцаардалд унагаасанаа мэдэх боловч түүнийгээ өөрийн ихэрхүү зангаасаа болж хэзээж хүлээн зөвшөөрөөгүйн адилаар зарим тохиолдолд бид бусдыгаа ганцаардалыг мэдэрэх шалтгаан руу түлхсэнээ анзаардаггүй. 
Гэхдээ хүнд хэнд ч хэлмээргүй боловч зүгээр л түүндээ шаналж басхүү түүндээ дассан зүйлсүүд байдаг. Яг л Аурелиано Буенда хийж буй алтан загасныхаа тоог гүйцээн,  Амаранта оршуулагандаа өмсөх даашинзаа нэхэж дуусаад үхэхээ мэдэрэн түүнийгээ хэнд ч хэлэлгүй басхүү зүгээр л түүндээ хөтөлөгдөж бас дурлаж ганцаардсаар үхдэгтэй адил.
Ганцаардал хүн бүрт байдаг түүнийг мэдэрч, түүнд шаналж буй мэдэрэмжийг ганцаардах гэж нэрийдэх боловч энэ нь угтаа хүсэж буй зүйлээ мэдэхгүй, түүндээ өөрөө бүрэн татагдалгүй, түүнийг нь бусад хүмүүс ойлгохгүй бас ойлгуулж чадахгүй байгаас үүдэж өнөөх мэдэрэмж, ганирхал хүнийг ганцаардуулдаг юм болов уу.
    Блоггерийн сэтгэгдэл

0 comments: