Баяртай 2016 он минь


Төлөвлөгөөгүй зүгээр л төсөөлөлөөр эхэлсэн 2016 оныг үдэллэх цаг болжээ. Бодол, харуусал, алдаа, оноо, сургамж дагуулан нэгэн түүхийг бүтээн, дурсамж болон хоцорч буй 2016 он минь баяртай.
    Амьдралын аз жаргалтай танилцаж түүнийгээ түгээх алгын чинээхэн дүү маань өдөрөөс өдөрт том болж буйг нь харж, хамт байх хамагийн аз жаргалтай өдөрүүд минь байлаа. Зөндөө их бодолд автсан байсан ч дүүгээ хараад тэдгээр бүхий л бодол аз жаргал болон хувилж буйг мэдэрэх жинхэнэ ид шид биш гэж үү? 
    Уншиж буй номныхоо тэмдэглэлийг хөтөлж байя гэсэн бодолоо хэрэгүүлж дадал болгож чадсан ба өнгөрч буй онд 6-н номын тэмдэглэл үр дүнтэйхэн хөтлөжээ. Мөн номыг уншихдаа урьдчилан судлаж, төлөвлөж уншиж байх нь оновчтой гэсэн бодолоо хэрэгжүүлсэнээр яг одоогоор уншихаар төлөвлөсөн 7-н ном намайг 2017 онд хүлээж байна.
    Дурсамж бүтээхээр эхэлүүлсэн нөхөрлөл минь үнэ цэнээ алдаж өндөрлсөнийг мэдэрч, зорилго нэгтэй үнэт зүйлсийг бүтээх нэгэн нөхөрлөлтэй учирсан нь "Нөхөрлөл эхэлсэндээ биш найзалж яваад яаж дууссандаа" хэмээх үгийг жинхэнээсээ ойлгоход хүргэсэн юм.
    Үнэхээр л хийе гэж бодож, хүсэж байгаа бол шууд эхэлүүл гэж бодож явсан минь нилээдгүй олон алдаа руу хөтөлсөн бөгөөд хийх гэж байгаа бол хүлээ, хойшлуул, төлөвлө гэсэн зарчимтай болсон юм. Аливаа зүйлийг хийж буй ахуйдаа хэзээ ч бүү яар, үр дүнтэй зүйл хийх гэж буй бол түүндээ бүх анхааралаа төвлөрүүлээд хийж байгаа зүйлдээ өөрийгөө бүрэн дайчилах хэрэгтэй. Сурахад, амарахад, хөдөлмөрлөхөд, бодоход гээд бүхий л зүйлс өөрийн гэсэн цаг хугацаатай. Иймд аль алинд нь тохиромжтой цагийг зориулах нь зөв юм болов уу? Тэдгээр зүйлсийг цэцэг хэмээвэл надад байх цаг хугацаа ус юм. Үнэт цэцэгсээ үхүүлэхгүйн тулд тогтмол усалж цаг хугацаа зориулж байх нь зөв юм байна.
    Нэгэн ертөнцийг хамтдаа бүтээнэ хэмээн хөтлөлцөн алхалж буй хайртай хүнээсээ хагцсан нь хамагийн том цохилт байлаа. Хүн алдахгүй бол ухаарахгүй ээ гэж. Нэг хүчтэй алдаж аваад алдаанаасаа суралцаж, олж хараагүй зүйлсээ харж, ойлгох боломж олдсон нь хамагийн том ололт байж мэднэ. Хайртай хүнтэйгээ учирах бус хайрлахад суралцах нь хайр байжээ. Хэзээ ч учирахгүй байж мэдэх үзэсгэлэнт бодолуудтай учирсан нь нэг талаас азтай хэрэг болсон. Алдаандаа харуусах бус алдсанаас үүдэн гарч ирэх нөхцөлөөс боломжийг харж түүнийгээ ашиглах нь хамагийн том ололт. Гуравхан жилийн настай дэндүү богинохон хайр ч гэлээ маш том зүйлийг ухааруулсан дурлал минь 2016 онтой хамт байртай. Би дахиж хүнд дурлахгүй ээ. Зүгээр л үзэсгэлэнт бодол, түүнийг агуулах ертөнцөд дурлана.
    Алхах дуртай боловч алдаг оног алхдаг байж байгаад тогтмол алхалдаг болсон нь энэ оны бас амжилт байлаа. Өдөрт 10’000 алхам алхах зорилт тавин 9 сараас хойш 80 удаа зорилтдоо хүрч нийтдээ 1121 км алхжээ. Үүн дээр нэмээд хагас сайн өдөр бүр гүйдэг хэвшилтэй болж 3,3 километрийг анх 21 минутанд туулж байсан бол хамагийн сүүлд 11 км/ц хуртдайгаар 17 миунтанд туулжээ.
    Удаан бодсон "Өглөөний хүн болох” зорилгоо хэрэгжүүлэх гэж өөрийгөө багаггүй бэлтгэж, сайтар төлөвлөн эхэлүүлсэн нь энэ оны бас нэг том алхам болсон юм.
    Энэ жил анх удаа хилийн дээс алхан Бээжин, Барашовд очиж Бишкек, Истанбул, Бухаристыг дайран өнгөрч нэг дор дөрвөн улсад буугаад мордсон аялал хийсэн. 
Барашовд долоо хоногийн хугацаанд ажиллахдаа маш олон зүйл сурсан маань хожим амжилтанд хүрэхэд дөхөм болох үнэт зүйлс болно гэдэгт итгэлтэй байна. Өөрийнхөө дутагдалтай тал, цаашдаа анхаарах зүйлсийг Захиралаасаа сонссон нь энэ аялалын хамагийн том үнэт зүйл байсанаар зогсохгүй амьдралын минь эрхэм сургааль байлаа.
    Эмээтэйгээ уулзаж хамагийн дурсамжтай мөчүүдтэй нь хамтдаа аялж угийн хэлхээ, түүхэн цомог бүтээх хэтийн бодолынхоо эхлэлийг тавьсан маань хамагийн сэтгэл хангалуун дурсамж минь байлаа. 293-н зураг 8-н хуудас тэмдэглэлээ түүхийг мөнхлөх цомог болох хэтийн төлөвлөгөө маань намайг ирээдүйд хүлээнэ.
Суралцаж, ухамсарласан зөндөө олон үнэт зүйлстэйгээр хамагийн чухал нь тодорхой, нарийвчилсан төлөвлөгөөтэй 2017 оноо угтах гэж буйдаа маш их баяртай байна.
2016 ОНД ХАМТДАА ДУРСАМЖ БҮТЭЭЖ, БАЯР ГУНИГ, АМЖИЛТ БҮТЭЭЛ БҮХЭНД МИНЬ ХАМТ БАЙСАН БҮХ ХҮМҮҮСТ МАШ ИХ БАЯРЛАЛАА.
    Блоггерийн сэтгэгдэл

0 comments: